Н.БАТСҮМБЭРЭЛ: BRT ТӨСЛИЙН ЗАХИРАЛ ХАЛАГДСАНААСАА ХОЙШ 74 САЯ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙСЭН

2019-02-25 20:24:00

Дэлхийн том хотуудын нийтийн тээвэртээ нэвтрүүлээд буй BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг хотын удирдлагууд эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч битгий хэл эхний ээлжийг 2018 онд ашиглалтад оруулна гэх зорилтт дэвшүүлсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ төсөл цаасан дээр хэрэгжиж, төслийн багийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээллүүд чих дэлсэх болов. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын үеэр Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл  “BRT төслийн удирдах хорооны гишүүд нь хуралдаа суудаггүй, ажилчид нь ажлын байрныхаа шалгуурт тэнцдэггүй, тэгсэн хэрнээ хэдэн саяар нь цалин авч байна. Ажлаа хийдэггүй хэрнээ гадаадын улсад 90 гаруй сая төгрөгөөр зугаалчихсан. Захирал нь халагдсанаас хойш 74 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа юм. Эдгээр асуудлыг нь шийдэхээс нааш томилгоо хийж болохгүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй гэр хорооллын болон цэвэр агаарын гэх мэт төслүүдийг бүгдийг нь шалгана” гэсэн юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ “төслийн эхний хэсгийн ажлын үр дүн хэдийнэ гарч 2019 оны ажлын үр дүнгээ тайлагнах ёстой байтал 1 хуудас тайлан ч байхгүй, 90 гаруй сая төгрөгөөр зугаалсан, асар их мөнгөн дүнтэй шамшигдуулалт энэ төсөл дээр явж буй”-г Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл онцолж байлаа.


Ямартай ч хотын хөрөнгөөр зугаалж, иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудын хөрөнгөөс завшдаг, чадваргүй, сэтгэлгүй ажилчдыг том төсөл дээр тохон томилдог асуудлуудад цэг тавих ёстой гэдгийг Тэргүүлэгч Э.Батсүмбэрэл хатуу анхаарууллаа.


Улс төр


Таамаг


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.