Б.Болор-Эрдэнэ: Ахуйн хэрэглэгчид цахилгааны хөнгөлөлттэй тариф мөрддөг

2019-08-20 10:17:00

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс цахилгааны үнийн талаар тодруулга авлаа.

-Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд эрчим хүчний үнэ хэд байна вэ. Нэмэгдсэн гэсэн үнэн үү?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг засварлан, нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ тариф 270 төгрөг болсон гэсэн мэдээлэл цацагдсан. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс энэ худал мэдээлэл шүү гэдгийг анхааруулж иргэдэд хандан мэдэгдэл гаргасан байгаа. Иргэд маань эрчим хүчний үнэ тарифын талаарх хүссэн  мэдээллээ  www.erc.mn сайтаас авах бүрэн боломжтой. Хэрэглэгчийн эрчим хүчний тарифыг эх үүсвэр, нэгдсэн сүлжээний бүтэц зэргээс хамааруулан “Төв, Зүүн, Өмнөд бүс”, “Алтай-Улиастайн бүс”, “Баруун бүс” гэсэн гурван бүсчлэлд хувааж тогтоодог. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон Төв, Зүүн, Өмнөд бүсийн айл өрхүүд буюу энгийн тоолууртай ахуйн хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгөөр, 151 кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгөөр худалдан авч байгаа. Харин хоёр тарифт тоолууртай айл өрхүүд өглөөний 06 цагаас оройн 21 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгө, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэрэглэдэг.

 

Ганцхан жишээ дурдахад Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн 1 кВт.ц цахилгааны борлуулалтын дундаж үнэ 151.40 төгрөг байхад нэгжийн өртөг 2018 онд 155.85 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 155.85 төгрөгөөр үйлдвэрлээд 151.40 төгрөгөөр зарж 4 төгрөг, 45 мөнгөний алдагдал хүлээж байсан гэсэн үг.

 

-Цахилгаан эрчим хүчний үнийг хаанаас, яаж, хэрхэн тогтоодог юм бэ?

-Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасны дагуу цахилгаан болон дулааны эрчим хүчний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог.

-Одоогийн иргэдэд очиж байгаа үнэ зах зээлийн үнэлгээ, нөхцөл байдалдаа хэр тохирч байгаа бол?

-Ер нь эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө хямд байгаа. Ганцхан жишээ дурдахад Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн 1 кВт.ц цахилгааны борлуулалтын дундаж үнэ 151.40 төгрөг байхад нэгжийн өртөг 2018 онд 155.85 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 155.85 төгрөгөөр үйлдвэрлээд 151.40 төгрөгөөр зарж 4 төгрөг, 45 мөнгөний алдагдал хүлээж байсан гэсэн үг. Эрчим хүчний компаниуд, нүүрсний уурхайнуудаас үнэ тарифыг нэмэх санал удаа дараа гардаг ч хэрэглэгчдэд үзүүлэх цахилгаан, дулааны төлбөрийн өсөлтийн ачааллыг бага байлгах үүднээс эрчим хүчний компаниудын зардлыг хянаж бууруулах, дотоод нөөц бололцоог ашиглах, өрсөлдөөний зарчмаар ажиллаж, импортын цахилгааны хэмжээг багасгах гэх мэт олон арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Эрчим хүчний үнэд голлон нөлөөлөх ямар шалтгаанууд байна вэ?

-Хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэнд юу юу багтдаг вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Энэ үнэнд нүүрс олборлохоос эхлээд тээвэрлэх, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх бүх зардал багтаж байдаг. 2015 оноос хойших дөрвөн жилийн хугацаанд нүүрсний үнэ 40 хувиар,нүүрсний тээврийн зардал 10 хувиар, мазутын үнэ 31.8 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар,үйлдвэрлэгчийн болон хэрэглээний үнийн индекс 14.3 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар, импортын цахилгааны үнэ 31.3 хувиар, эрчим хүчний байгууллагуудын ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл 1.0 нэгжээр буюу 7.7 хувиар тус тус өссөн байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийн тоо нэмэгдсэн зэрэг олон шалтгаанууд бий.

-Иргэдэд үзүүлэх ямар хөнгөлөлт, урамшуулал байдаг вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай хот суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50-100 хувь хөнгөлж байгаа. Мөн айл өрхийн хэрэглэсэн 150 кВт.ц цахилгааны үнийг  хөнгөлдөг. Тодруулбал 1 кВт.ц тутамд 37 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Өнгөрсөн онд гэхэд  нийтдээ 62.7 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт, 1 өрхөд сард дунджаар 9500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Мөн шөнийн тарифын хөнгөлөлтөд нийтдээ 9.8 төгрөг зарцуулсан. Зөвхөн 2018 онд гэхэд айл өрхүүдэд 72.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

 

Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.